engflag

Ч.Сайханбилэг: ТТ гэрээг ойрын хугацаанд хийхээр ярилцлаа

  • Posted on:  Saturday, 12 September 2015 00:00
  • Written by 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хятадын Далянь хотноо есдүгээр сарын 9-10-нд болсон зуны Давосын чуулга уулзалтад оролцоод ирсэн билээ. Тэрбээр уг чуулга уулзалтын талаар ийн дүгнэсэн юм.

-Таныг Хятадад очоод Тавантолгойн гэрээг зурах нь гэсэн хардлага дагалдсан. Гэхдээ тийм зүйл болсонгүй. Харин Хятадын Далянь хотноо болсон Зуны Давосын чуулга уулзалтын үр дүн нь Монголын хувьд юу байв?

-2007 оноос Хятадад жил бүр зохиогддог зуны Давост оролцоод ирлээ. Энэ үеэр хоёр талын уулзалтуудыг хийсэн. Зуны Давосын чуулга уулзалтын гол зорилго бол ирээдүй рүү харсан, ялангуяа инновацитай холбоотой, улс орнуудын ойрын болон хэтийн зорилтыг түлхүү ярилцдаг. Энэ утгаар нь хэд, хэдэн томоохон нэгдсэн хуралдааны панелистаар оролцож, Монгол Улсын зүгээс барьж байгаа бодлогоо танилцууллаа. Мөн 2017 онд Монголд зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн форумын талаар яриа хэлэлцээр өрнүүллээ. Түүнчлэн чуулга уулзалтын үеэр Энэтхэг болон Хятадын хөрөнгө оруулагчидтай уулзсан. Зуны Давосын үйл ажиллагааны үеэр Монголын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааны гэрээг Монголын хоёр компани байгууллаа. Нэг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц, нөгөө нь Тэвшийн говийн хүрэн нүүрсний цахилгаан станц. Тус бүр нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай, бүр 600 мВт хүчин чадал цахилгаан станцыг концессын гэрээгээр барих юм. Зуны Давост ирсэн ОХУ-ын Шадар сайд Юрий Петрович Трутневтэй уулзаж, мах, махан бүтээгдэхүүн экспортлох асуудлыг ярилцлаа. ОХУ-ын хувьд Монголоос мах, махан бүтээгдэхүүн импортлох тал дээр бүхий л боломжоороо тусална гэдгээ илэрхийлсэн.

-Зуны Давосын үеэр та БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцяньтай уулзсан. Энэхүү уулзалтаар ямар асуудлыг ярилцсан бэ?

-Хятадад хийсэн айчлалын хамгийн гол уулзалт бол БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцяньтай хийсэн уулзалт байлаа. Энэ уулзалтаар хоёр чухал асуудлыг хөндсөн. Нэгдүгээрт, Тавантолгойн төсөл болон төмөр замын асуудлыг хөндөж, ойрын хугацаанд гэрээ хэлэлцээр хийх талаар ярилцлаа. Сүүлийн жилүүдэд Синопек корпорацитай нэлээд эрчимтэй ярьж байгаа хүрэн нүүрс боловсруулж хий болгон Хятад руу гаргах төслийг урагшлуулах, Шивээ-Овоод өндөр хүчдэлийн цахилгаан станц барих, түүнийг тогтмол гүйдлийн шугамаар БНХАУ- руу экспортлох асуудлуудыг хөндсөн. Мөн Эгийн голын усан цахилгаан станц, Хятадын Экзим банкны нэг тэрбум ам.долларын зээлийн нөхцөлийг эцэслэн шийдэх яриа хэлэлцээрийг хийгээд ирлээ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уналттай байгаа нөхцөлд Хятадын тиалаас эхний ээлжинд Монголоос нэг тэрбумс долларын мах махан бүтээгдлэхүүн импортлох асуудлыг хөндлөө. Хятадын италаас Монгол Улсаас шүлхий гарч байгаагүй аймаг, бүс нутгуудаас мах авах асуудлаар хоёр тал түлхүү ажиллахаар боллоо. Ер нь хоёр хөршдөө мах экспортлох асёуудлыг ярилцаж, эхний ээлжинд энэ яриа хэлэлцээрээ ажил хэрэг болгоход шахуу ажиллахаар боллоо. Ерөнхийдөө энэ удаагийн айлчлал амжилттай боллоо.

-Шинэ торгоны зам нэгдсэн хуралдаанд та панелистаар оролцсон?

-Торгоны зам бол хоёр цэгийг холбох гэж байгаа, хоёр улсыг дайрах замын асуудал биш. Энэ бол маш том сүлжээ. Монголд ч гэсэн Талын зам гэж өөрийн торгоны зам бий. ЕвроАзийг холбосон эдийн засгийн коридор, Хятадын ярьж байгаа шинэ торгоны замыг нэмээд бид өөрсдийн Торгоны замын асуудлыг бий болгох бололцоотой. Манай улсад торгоны замын энэ сүлжээ төдийгүй бус эрчим хүчний салбарт ч нүүрс, төмөр зам, газрын тосны хоолойн асуудлаар шинэ сүлжээнд нэгдэх бололцоо бий. Зөвхөн хоолойн асуудлыг ярихаас гадна үүнийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийн талаар ярих шаардлагатай байна. БНХАУ-ын санаачилсан Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк, Японы талаас гарч байгаа адил хэмжээний санхүүжилттэй санаачилга болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг санхүүгийн гурван чиглэлийн бололцоог хангахад бид бүс нутагтаа дэд бүтцийн чиглэлээр тодорхой амжилтад хүрэх санхүүгийн боломжтой гэдэг нь харагдаж байна.

Read 132595 times